ЭРТНИЙ ТҮҮХ

Үзсэн: 550 / 2013.02.24

Хүннү гүрэн

 ( Хүн гүрэн, мэ.ө. 209 он – м.э. 155/156 оны орчим)

Түүхэнд анх м.э.ө. 318 онд нэр гарсан хүннү бол монголчуудын өвөг дээдсийн нэг. Цинь улсад м.э.ө. 214 онд ялагдаж, хүүгээ юэжи нарт барьцаалж, хаан залгамжлах ёсыг зөрчсөн Түмэн шаньюйг м.э.ө. 209 онд хороож хаан болсон Модун, Хүннү гүрнийг байгуулсан билээ. Тэрээр төрдөө шинэтгэл хийж, улсаа зүүн, баруун гарын 24 том, бага түмтэд хуваан хоёр гарын ноёд, түшмэдийг томилоод, м.э.ө. 204-200 онд дорно зүгт дунхуг эзэлж, өрнө зүгт юэжиг хөөж, өмнө зүгт урьд булаагдсан, Хатан голын тохойн хуучин нутгаа буцаан авч, умар зүгт хуньюй, цюйшэ, динлин, гэгунь, синьли аймгийг эзэрхийлж, нэгтгэснээр Хүннү нүүдэлчдийн түүхэн дэх анхны хүчирхэг гүрэн болов. М.э.ө. 200 онд Хүннүг дайлаар мордсон Хань улсын Гаоди хааныг, 320 мянган цэрэгтэй нь Байдэн цайзад, Модун шаньюй 40 мянган морин цэргээр, долоон хоног бүслэн хаасанд, Хань улсын хаан арга буюу ялагдсанаа хүлээж, Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр Хань улс, Хүннүг өөртөө эн чацуу улс гэдгийг хүлээн зөвшөөрч, улсын хилийг Цагаан хэрмээр тогтоов. Баруун газрын 26 улс, хотыг м.э.ө. 176 онд эзэлснээр хүннүчүүд Ази, Европыг холбосон худалдааны амин судлыг дангаараа 120 гаруй жил хянасан юм. М.э.ө. 209 оноос м.э. 100-аад он хүртэл Хүннүгийн хаан ширээнд хорь гаруй шаньюй удаа дараа хаан сууснаас Модун (м.э.ө. 209-174 он), Лаошан (м.э.ө. 174-160 он), Гуньчэнь (м.э.ө. 160-126 он) шаньюйн үед Хүннү гүрэн ихэд хүчирхэгжиж, тэр цагийн дэлхийн хүчирхэг улсуудын нэг байлаа. Хүннү, Хань улс хоорондоо м.э.ө. 177, 166, 158, 131 онд байлдаж байсан ч Хань улсын Уди (м.э.ө. 140-87 он) хааны, Хүннүг м.э.ө. 129-90 онд, 16 удаа их цэргээр довтолсон дайн цар хүрээгээрээ хойшид ч үзэгдээгүй хамгийн том дайн байв. Энэ дайнаар Хань улс, Хүннүгээс Хатан голын тохой, Ганьсугийн хонгилыг булаан авч, баруун зүгийн улсуудыг эрхшээлдээ оруулж, Торгоны замын өмнөд салааг хянах болжээ. М.э.ө. 60-50-иад оны хаан ширээний төлөөх тэмцэл, хямралаас болж хүннүчүүд анх удаа баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдсан ч м.э.ө. 40-өөд он гэхэд нэгдэмэл байдлаа сэргээж, хямралыг даван туулж чаджээ. Харин м.э. 48 оны хавар, Хүннүгийн өмнөд хязгаарын 8 аймгийг захирагч Би ван өөрийгөө шаньюйд өргөмжилснөөр хүннүчүүд Умард Хүннү (м.э. 46-155/156 он), Өмнөд Хүннү (м.э. 48-216 он) гэсэн хоёр улс болон бутрав. Хань улс, өмнөд хүннү, ухуань, сяньби/сүмбэ зэрэг хөрш аймаг, улсуудын удаа дараагийн уулга, довтолгоонд туйлдсан умард хүннүгийн 5 буман хүн ам м.э. 89 онд сяньбид дагаар орж өөрсдийгөө сяньбичүүд гэж нэрлэх болжээ. Гэвч Умард Хүннүгийн өөр нэг хэсэг м.э. II зууны тавиад он хүртэл оршин тогтнож байгаад, Сяньбийн хаан Таньшихуайд эзлэгджээ.

Сяньби улс. (Сүмбэ улс, м.э. I зуун – м.э. IV зуун)

Монголчуудын өвөг дээдсийн нэг сяньби/сүмбэ/сэрби нар, түүхэнд анх м.э.ө. 454 онд нэр гарсан Дунхугаас салбарлажээ. Эртнээс, одоогийн Монгол Улсын зүүн хэсэг, түүнтэй хил залгаа БНХАУ-ын Өвөр Монголын зүүн хэсэг, ОХУ-ын Чит мужийн зүүн өмнөд хэсгээр нутаглаж ирсэн дунху нарыг, хүннүтэй нэг зэрэг мандан гарсан, нум сумт цэрэг хоёр бум гаруйтай, зан заншил, түшмэдийн цол нь хүннүтэй адил, Модун шаньюйд ялагдаж, Сяньби ууланд тусгайлан суусныг сяньби гэж нэрлэсэн хэмээн түүх сударт бичжээ. Хүннү гүрэн, умард, өмнөд хоёр хэсэг болж бутарснаас хойш сяньби аймгууд хүчирхэгжиж, улмаар м.э. I зууны ная, ерээд онд умард хүннүг довтлон, нэг бум өрхийн хүннү хүн амыг хураажээ. Сяньбичууд ийнхүү хүчирхэгжсэн ч тархай бутархай хэвээр байсаар м.э. II зууны дунд үеийг хүргэжээ. Сяньбийн сухэ (цагаан) аймгийн тэргүүн Таньшихуай (136-186 он) арван тав, зургаа настайдаа эрэлхэг, цовоо сэргэлэнээрээ олонд гайхагдаж, улмаар удалгүй Сяньбийн их толгойлогч, хаан болжээ. Таньшихуай, Сяньбийн 50 аймгийг гурван гарт хувааж, 12 их толгойлогч томилж, хятад, динлин, пуё, усунь нарыг довтолж, хүннү нарын эзэгнэж байсан өргөн уудам нутгийг цөмийг түвшитгэн, дорноос өрнө зүгт 14000 гаруй газар (7 мянга орчим км) үргэлжилсэн нутгийг эзлэн авч маш хүчирхэг болжээ. Тэрээр Жочоу голын Даньхань ууланд орд өргөөгөө байгуулж, турхаг цэргээ эмхлэн, хууль, цааз тогтоож, ард иргэдийнхээ дунд зөв, буруу хэргийг ялган салгах болсон тул түүний зарлиг цаазыг зүрхлэн зөрчигчид байхгүй болов. Сяньбийн хүч чадал, Хүннү улсаас нэн хэтэрлээ гэж бичсэн Хань улсын түшмэл, тэдний зэвсэг хурц, морь хурдан хэмээн цохон тэмдэглэжээ. Таньшихуайн удмын Хөлянь, Куйтоу, Цяньмянь, Будугэнь, Фулохань нарын хаад Сяньби улсыг 220-иод он хүртэл захирч байсан ч, эдгээр хаадын төрийн бодлого сул, дорой заримдаа нэгэн зэрэг хаан болцгоож байсан тул Сяньби улсын хүч чадал ихэд сулрах үе олон байлаа. Харин сяньбийн өөр нэг аймгийн тэргүүн Кэбинэний үед Сяньби улс дахин хүчирхэгжиж түүний мэдэлд бум гаруй нум сумт морин цэрэг жагсах болов. Кэбинэнийг 235 онд хорлогдож үхсний дараа Сяньби улс нь олон жижиг ханлиг, аймгийн холбоо болон бутарчээ. Тэдгээрээс хожим III-VII зуунд, сяньби-табгач, сяньби-туфа, сяньби-мужун, сяньби-тогон, сяньби-дуань, сяньби-цифу зэрэг хэд хэдэн аймаг өөрийн төр улсыг удаа дараалан байгуулсан ч, эдгээр аймгийн үүсгэсэн төр улс их төлөв, Их Говиос урагших нутагт төвлөрч байсан бөгөөд хожим дийлэнх нь хятадын дунд уусч, уугуул хэл, соёлоо гээсэн билээ.

Жужаны/Жоужаний хаант улс. (Нирун улс, 330 орчим-555 он)

Язгуур монголчуудын шууд өвөг, жоужанийг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ. Сяньби-табгач аймгийн Ливэй хааны (220-277 он) сүүлээр, Табгачийн хилийн харуул нэгэн хүүг олзолсон нь Мугулюй (Монгол) болой. Сяньби-табгачийн Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлагын товоос хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ. Чэлухуйн 6-р үеийн ач Шэлунь (Жарун) 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж оны цол хэрэглэжээ. Мөн онд өндөр тэрэгтний хулюй аймгийн толгойлогч Бэйхоули, түүнийг гэнэт довтлов, эхлээд ялагдсан Шэлунь хэд хоногт хүчээ хуримтлуулж, Бэйхоулиг гэдрэг довтолж бут цохив. Жоужаниас баруун хойно, хүннүгийн үлдэц нараас байгуулсан эзэмшлийн хамгийн баян, хүчирхэг хүрээг толгойлогч нь Жибаецзи ба, тэрээр бас цэрэг цуглуулан Шэлунийг дайлаар морджээ. Шэлунь угтаж, Эгэньхэ (Орхон) голд тулгарах байлдаан хийж, ялаад эзэмшлийг нь өөртөө хураав. Чингэснээр Жоужань улс улам хүчирхэгжин говийн өмнөх Умард Вэй улсыг шахамдуулах болов. Шэлунийг залгамжилсан Хулюй хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт Умард Янь улсын Хэлун хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, Дисуюань-ий хүү Пухуний хүү Датань хаан (414-429 он) суужээ. Датань хаан их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Жоужань (Нирун) улсыг датань (татар) гэж нэрлэх болжээ. Жоужаний өмнөд хөрш Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөжээ. Жоужань улс 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болжээ. Энэ ашина овог хожим 552 оноос Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг 555 устган мөхөөсөн билээ. Мугулюйн удмын 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Шэлунь, Датань, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө.

Түрэгийн түрүү хаант улс. (552-630 он)

Ашина-түрэгүүд бол V зууны эхээр Пинлян хот орчмоор нутаглаж байсан сяньби, цян, ди болон ху аймгуудаас цуглуулсан 500-аад өрх, төмөрчдийн үр удам юм. Табгачийн Вэй улс, Умард Лян улсыг довтолж устгахад 431 оноос өмнө энэ нутагт нүүж ирсэн ашиначууд Жюйцюй Увэйг даган 442 онд Крорайнаар (Шаньшань) дамжин Турфаны хавьд нүүж иржээ. Тэнгэр уулын өвөрт төмөр хайлуулж, амьдарч байсан ашина нарыг 460 онд, Жоужань улс олзолж, Алтайд нүүлгэн суулгаж, төмрөөр алба авах болжээ. Баруун Вэй улстай ураг барилдсан ашина-түрэгийн толгойлогч Бумын 552 онд хуучин ябгу цолоо дүү Эстемидээ шилжүүлж, өөртөө хаан цол өргөн, Жоужаний эсрэг бослого гаргаж, улмаар 555 онд Төв Азийн нүүдэлчдийг нэгтгэсэн хаант улс байгуулжээ. Түрэгийн хаант улс байгуулагдса дараа Алтай нуруугаар заагласан хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд Баруун Түрэгийг Эстеми захирч харин Зүүн Түрэгийг Бумын, түүний хүүхдүүд мэдэх болжээ. Ирантай хамсаж, 560-570-аад онд, Дундад Азийн Эфталитын хаант улсыг мөхөөсөн түрэгүүд цааш давшсаар өрнө зүгт, Хар тэнгисийн эрэг, Крымийн хойг хүрчээ. Дорно зүгт түрэгүүдийн мэдэлд Солонгос (Когурё) хүртэлх овог, аймгууд багтах болж, харин умард хятадын Жоу, Ци улс Түрэгт алба төлж байв. Гэвч Түрэгийн нийгэмд өрнөсөн эрх мэдлийн төлөөх хямралын үрээр 603 онд Баруун Түрэг улс (603-657), Зүүн Түрэг улс (603-630) болон задарчээ. Зүүн Түрэгийн хаад ард олноо дагуулан говийн өмнүүр нутаглах болсноор Монгол нутаг, Төв Ази дахь эрх мэдлээ алдаж эхэлсэн бөгөөд 628 он гэхэд түрэгүүд одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийг хянаж чадахаа больсон төдийгүй дотоодын хямрал, Тан улсын (618-906 он) довтолгооны улмаас 630 он төрийн тусгаар тогтнолоо алдаж Тан улсад харьяалагдах болжээ.

Токуз Огузын хаант улс. (628-693 он)

А. Сеяньтогийн хаант улс. (628-647 он)

Сеяньто/серинда бол эртнээс Алтайд нутаглаж ирсэн бөгөөд VII зууны эхээр Монгол нутаг, Туул голын савд нүүж ирсэн өндөр тэрэгтэн аймаг. Орхон, Сэлэнгийн саваар нутаглах өндөр тэрэгтэн аймгуудын 625 оны бослогыг тэргүүлэх болсон сеяньтогийн Инань 628 оны өвөл өөрийгөө хаан өргөмжилжээ. Түүний улсын нутгийн зүүн зах Хэрлэнгийн сав баруун зах нь Алтайн нуруу, өмнөд зах нь говиор Тан улстай хиллэж байжээ. Инаний удмын хоёр хаан суусны дараа уйгур тэргүүт огуз болон Тан улсын цэргийн хамтарч 647 онд Сеяньто улсыг устгаж, хүн амын олонхий нь хядаж, үлдсэнийг нь хуваан захирчээ.

Б. Уйгурын түрүү хаант улс. (647-693 он)

Уйгур бол эрт цагт хүннүд эзлэгдсэн динлиний удам бөгөөд өндөр тэрэгтэн буюу токуз-огузын нэг аймаг, тэдний домог ёсоор уйгур хаадын өндөр эмэг эх нь Хүннүгийн шаньюйн бага охин ажээ. Жоужань/Нирун улсын үед уйгурууд өндөр тэрэгтний (чилэ, тэлэ, гаочэ, гаогюй) аймгийн холбоонд багтаж явжээ. Түрэгийн түрүү хаант улсын хүн амын олонх нь тэлэ буюу огузууд байв. Зүүн Түрэгийн хаант улсын харьяат токуз-огузууд, говиос урагш нүүснийг нь далимдуулан, Түрэгийн хаадын ноёрхлыг эсэргүүцэн 625 онд их бослого дэгдээжээ. Түрэгээс ангижирсан огузууд энэ удаа сеяньтогийн (серинда) манлайлсан хаант улсын гол цөм болжээ. Гэвч уйур тэргүүлсэн огузууд, Тан улстай хүч хавсран Сеяньтогийн төрийг 647 онд мөхөөв. Уйгурын эльтебер Тумиду 647 онд хаан болж, түрэгт байсантай адил бүх албан тушаалтанг тогтоов гэж сурвалжид тэмдэглэснээр бол шинэ, Уйгурын түрүү хаант улс Төв Азид бий болжээ. Уйгурууд 660-70-аад оныг хүртэл Тан улстай найрсаг харилцаж байснаа дараа нь Тан улстай хэдэн удаа сүрхий дайтжээ. Уйгурын түрүү хаант улсыг, Монгол нутагт 689-691 оны хооронд Чугай-гуз, Каракумаас нүүж ирсэн ашина-түрэгүүд мөхөөсөн юм.

Түрэгийн хожуу хаант улс. (689/691-745 он)

Ашина удмын Кутлук Эльтэрэс (689-693 он), ашида урагийн Тунюкук нараас байгуулсан их бослогын үр дүнд Монгол нутаг, Орхоны хөндийд дахин мандсан Түрэгийн хожуу хаант улс, Капаган Бэгчор хааны (693-716 он) үед хамгийн их хүчирхэгжиж дорно зүгт Шар Ус голын эхээс өрнө зүгт Төмөр Хаалга хүртэлх, өмнө зүгийн Яшил өгүз, Шантунгийн талаас умар зүгийн Көгмэн уул, Киргиз хүртэлх уудам нутгийг эзэрхийлэн захирах болжээ. Капаган хааныг залгамжилсан Билгэ хааны (716-734 он) үед Түрэгийн хожуу хаант улсад түүх-соёлын асар их үнэ цэнэтэй гэрэлт хөшөөдийг ихээр босгох болов. Гэвч Билгэ хааныг залгамжлагчдын үед хаан ширээний төлөө өрнөсөн ширүүн тэмцэлд зөвхөн ашина-түрэгүүд төдийгүй басмил, карлук, уйгур аймаг оролцож улмаар Түрэгийн төр энэ удаа эгнэгт мөхжээ. Улсаа алдсан түрэгийн ихэнх нь Тан улсад нүүж очсон бөгөөд хожим шато аймагт шингэсэн бололтой байдаг.

Уйгурын хожуу хаант улс. (744-840 он)

Уйгур язгууртнууд 742 оноос эхлэн басмил, карлук аймагтай эвсэж басмилийн Ашина Сэдэг хаан өргөмжилж Түрэгтэй байлдав. Улмаар уйгурын Куллиг Бойла басмилийн Ашина Сэдэ хаанаас ябгу цол хүртсэний дараахан карлук аймгийн Билгэ ябгутай хуйвалдан басмил хаантай байлдаж түүнийг хөөж явуулжээ. Аажмаар хүчирхэгжиж, огуз аймгууд, тэрчлэн токуз-татар аймгийн дэмжлэгийг бүрэн хүлээсэн уйгурууд, үч-карлук аймагтай байлдаж Алтай давуулан зугтаалгажээ. Хүч нь суларсан түрэгийн үлдэгдэл овог, аймгийг довтлон говь давуулан Тан улсын нутагт шургуулсан Уйгурын Куллиг Бойла 744 онд өөрийгөө хаанд өргөмжлөв. Түүний орыг хүү Баянчор 747 онд залгамжилсан ч байырку, токуз-татар зэрэг аймгийн зүгээс түүнийг хүчтэй эсэргүүцэж байырку аймгийн Тай Билгэ тутукыг хаан өргөмжилснөөр Уйгур улсад 747-749 онд хоёр хаан сууж, хоорондоо дайтсан билээ. Уйгурын яглакар урагийн Баянчор хаан 750-аад оныг хүргэж байж дотоодын дайснаа дарсан ба улмаар 750-760-аад онд гадагшаа дайн байлдаан хийснээр Уйгурын хүч чадал оргилдоо хүрч газар нутаг нь томорч, өмнөд хөрш Тан улсыг хүртэл дарамтлах болов. Уйгурын яглакар удмын сүүлчийн хаан 789 онд үхснээр хаан ширээнд эдиз аймгаас суух болсон нь хожим IX зууны эхнээс үргэлжилсэн хямралын үүдийг нээжээ. Энэ тэмцэлдээ хөрш улс, аймгуудаас тусламж эрэх болсон нь 840 онд Уйгурын төр мөхө шалтгаан болжээ. Уйгурын олонх өмнө зүгт, Тан улсын хил дагуу нутагт зугтан очсон ч Тан улс цэрэглэн устгаж үлдсэн хэсэг нь Ганьжоу хотын хавиар нүүж суух болжээ. Эдгээр уйгурууд улс байгуулсан нь хожим Тангуд улсад эзлэгдэх хүртлээ оршин тогтножээ.

Кидан гүрэн. (906-1125 он)

Түүх сударт анх 388 онд тэмдэглэгдсэн киданчууд бол монгол хэлтэн ба дунху, сяньбийн удмын томоохон аймаг юм. Зарим сурвалжийн мэдээгээр киданы дээдэс нь Кэбинэний найман хүүхдээс үүсэлтэй. Эртнээс Тоосон гол, Шар Ус голын хөвөө, хуучны Жирэм, Зост, Зуу-Удын чуулганы нутгаар оршин суусаар ирсэн. Уйгурын хаант улс мөхсний дараа Төв Азийн нүүдэлчдийн дунд киданчууд тэргүүлэх үүрэгтэй болж улмаар Илү овгийн Абужи 901 онд хан өргөмжлөгджээ. Тэрээр өөрийгөө 916 онд эзэн хаан хэмээн нэрлэж, эрх сүрээ улам бэхжүүлж, киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, засаг захиргааны байгууллыг Умард орд, Өмнөд орд болгон 2 хуваажээ. Умард ордонд кидан тэргүүтэй нүүдэлчин аймгуудыг, өмнөд ордонд нанхиад зэрэг суурьшмал хүн амыг тус тус захируулав. Киданд 911 оноос эхлэн хот байгуулах, орд харш цогцлох, тариа тариулах болж, суурьшмал иргэдэд газар олгов. Абужи, Кидан улсыг бэхжүүлэх зорилгоор 921 онд хууль цааз тогтоон, түшмэдийн зэрэг дэвийг бий болгосон юм. Киданы хааныг дэвшүүлэн суулгах дээд аймгаар 922 онд Дилэг сонгож, улсын цэргийг ерөнхийлөн захирах тушаал бий болгон 50 мянган хүнтэй их цэрэг байгуулжээ. Киданы гадаад байдал бэхжиж, Азийн бусад орнуудтай харилцаа тогтоосон ба 923 онд Персээс, 924 онд Солонгосын Силла улсаас элч ирж байжээ. Абужи улсдаа цэрэг, захиргааны шинэтгэл хийж дуусаад, 923 онд Монгол нутагт цөмрөн ирж, Хэрлэнгээс урагших, Алтайгаас зүүн тийших газар нутгийг довтолж, аймаг угсааг төрөл төрлөөр шилжүүлж, 3 аймаг зохиож Зүбү гэж нэрлэв. Мөн 924 онд хиданчууд Бохай улс ба зүрчид аймгийг байлдан дагуулав. Кидан улс 936 онд цагаан хэрэм даван довтолж 16 хот балгасыг эзлэв. Үүнээс хойш Кидан нь гүрний шинжтэй болж улсаа Их Ляо улс хэмээн нэрлэжээ. Түүх, судраас үзэхэд, Кидан гүрэнд их бага 50 гаруй аймаг, улс багтах бөгөөд түүнийгээ, өмнөд захын 16 аймаг, умард захын 28 аймаг, гадаад аймаг гэж хуваадаг юм. Кидан улсад, 1049 оны тоо бүртгэлээр нийслэл хот 5, жоу 6, бэхлэлт хот 150, хошуу 200, овог аймаг 5000, хараат улс 60 байсан бөгөөд Дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Хэрлэн голын арын бэхлэлт хэрмээс Цагаан хэрэм хүртэлх нутаг дэвсгэрийг мэдэж байв. Кидан гүрний харьяат явсан зүрчидүүд 1113 онд урван, бослого дэгдээж 1115 онд Алтан улсыг байгуулж, кидантай дайтжээ. Алтан улс, Сүн улстай хүч хавсран 1118-1125 онд Кидан гүрнийг хоёр этгээдээс довтлон нутаг газрыг нь жил жилд ахин эзэлсээр эцэстээ 1125 онд Киданы Тяньзо хааныг олзолж, 200 гаруй жил тогтносон Кидан гүрнийг мөхөөжээ.

Эх сурвалж: Шинжлэх Ухааны акедеми түүхийн хүрээлэн

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл