НАЙМАН ЗУУНЫ ДАРАА МОНГОЛЧУУД КИБЕР ЕРТӨНЦИЙГ ЭЗЛЭВ

Үзсэн: 433 / 2011.05.16

 АНУ-ын нэрт эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном amazon.com-ийн харъяа компани www.audible.com -оос уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн шилдэг сонсдог ном шалгаруулах  тэмцээнд ашиг орлогоороо тэргүүлсэн 31 номтой өрсөлдөж 5 дараалан ялж 2011 оны шилдэг ном боллоо.

Монголын түүхийн тухай ном дэлхийн шилдэг ном болсон нь ганц зохиогчийн бахархал, амжилт бус Монгол түмний бахархал, Монголын соёл, түүхийн бахархал, амжилт юм. Санал өгөх үйл явцад дэлхийн энгээр таран суусан монголчууд маань маш идэвхтэй оролцож, сүүлийн цаг, хором хүртэл улам бүр идэвхжиж байсан нь зарим талаар монголынхоо гуйвсан түүхийг сэргээхийн төлөөх тэмцэл болон харагдаж байлаа. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номтой өрсөлдөж буй “Matterhorn” ном нь оны шилдэг номоор нэг бус удаа шалгарч байсан, маш олон уншигчтайн дээр Вьетнамд байлдаж байсан АНУ-ын ахмад дайчдын холбоо, Вьетнамын нийгэмлэгүүд зэрэг маш олон гишүүнчлэлтэй нийгэмлэг, бүлгүүдийн хүчтэй дэмжлэгтэй ном байсан билээ. Гэсэн ч цөөн монголчууд бидний өгсөн санал 67 000-аас хол давж, тэргүүн байрын цомд хүрч чадсан юм. Найман зууны тэртээд Монголчууд дэлхийг эзэрхэж байсан бол 800 зууны дараа кибер /интернэт/ ертөнцөд хэр хүчирхэгээ харуулж чадлаа.

2011 оны дэлхийн шилдэг ном шалгаруулах бүтэн нэг сарын турш үргэлжилсэн энэ хугацаанд сэтгэл зүрхээрээ, хүсэл мөрөөдлөөрөө хамт байсан хүн бүрт баярлалаа.
Монголын түүхийг дэлхийн шинэ чиг хандлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн мөнөнөөр нь гаргаж чадсан дээрх номын төлөө саналаа өгсөн Нийт Монголчууддаа халуун талархал илэрхийлж баяр хүргэе.

Хамгийн гол нь ялах ялагдахдаа биш, ялатад тэмүүлсэн бүхий л үйл явцын туршид бид хамтдаа тэмүүлж чадвал дэлхийн хэмжээний “Universal Winner” буюу дэлхийн хэмжээний ялагч  байж чадахаа нотоллоо.

Монголын тулгар төрийн байгуулагдсаны 2220 жилийн ой, Чингис Хааны цогцлоосон Их Монгол гүрний 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, НҮБ-д Монгол Улс нэгдэн орсны 50 жилийн түүхт ойнууд тохиосон Цагаагчин туулай жилд монголын их түүхийн талаар бичсэн ном дэлхийн хэмжээний шалгаруулалтад түрүүлсэн нь их сайхан бэлгэшээлтэй юм. Энэ нь Монголчуудад Чингис хааны хийморь эргэн ирж байна гэсэн итгэл, урмыг сэргээж байна.

Ямагт цагаагчин туулай жилийн тойрог бүрт Монголчууд ялж мандсан түүхтэй. Тэр давтамж ирж байна. Таны санал, сэтгэл, зүтгэл тэр давтамжийг буй болголоо. Энэ хийморь, авшиг  эрхэм Таны бүхий л хүсэл зорилгод шингэж бид дэлхийн улс болох болно.

Жак Уэтерфорд сан

 

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл