ЖАК УЭТЕРФОРД: ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН ХУУЛИЙГ АНХ САНААЧИЛСАН

Үзсэн: 1128 / 2009.10.25

Миний зохиол  Чингис гэдэг хүнийг цэргийн жанжин, дарангуйлагч, алуурчин мэт бичиж байсан зарим эрдэмтдийн ойлголтыг өөрчилсөн. Монголын ард түмэн түүхээрээ өнөөгийн дэлхий ертөнц, нийгмийг байгуулахад тодорхой хувь нэмэр оруулсан "Монголчууд сор" угсаатан гэдгийг олж мэдсэн.

    Миннесота мужийн Макалейстер коллежийн Антропологийн тэнхимийн тэргүүн, Чингис хаан дээд сургуулийн хүндэт доктор, профессор Жак Уэтерфорд Интер номын их дэлгүүрт "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан", "Монголын их хатдын нууц товчоо" номын нээлтээ хийлээ.  Оросын нэрт эрдэмтэн В.Я.Владиморцов "Дундад зууны үед Монголчууд шиг дэлхийн зон олны анхаарлыг татаж, чихийг дэлдийлгэсэн өөр ард түмэн байгаагүй" хэмээн бичиж байсан бол харин ХХI зууны эхээр өрнө дахины орнууд, Америкийн ард түмний анхаарлыг Жак Уэтерфордын "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном зүй ёсоор татаж байгаа ажээ. Түүний энэхүү номыг дэлхийн 22 улс орчуулан хэвлэжээ. Манайд урд өмнө хэвлэгдэж уншигчдын хүртээл болж байжээ. Харин "Монголын их хатдын нууц товчоо" номынхоо судалгааг 2004 оноос эхэлсэн бөгөөд анх удаа Монголд ийнхүү хэвлүүлэн уншигчдын хүртээл болгож байгаа юм. "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном нь Нью-Йорк таймс, Вашингтон пост сонины 2004, 2005 оны хамгийн их борлогдсон номоор шалгарч, интернэт  захиалгаар одоо хүртэл тэргүүлсээр байдаг аж.  Эртнээс эдүгээ хүртэл өрнө дорны эрдэмтэн мэргэд Чингис хааны тухай Монголын нууц товчооны үйл явдал, он дарааллын ёс дэгийг барьж өөрсдийн бүтээлээ бичдэг хэвшмэл байдлыг Жак Уэтерфорд зоригтой өөрчилж энэхүү туурвилаа өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагалбарын харилцан шүтэлцлийн хүрээнд бичснээрээ Чингис судлаачдын унших дуртай ширээний ном болсон хэмээн мэргэжил нэгт судлаачид нь тодорхойлжээ. 
    Номын нээлтийн үеэр түүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм. 

    -Та яагаад Чингисийн Монголыг судлах болов? 

    -Би анх дэлхийн түүхийг сонирхож эхэлсэн. Гэтэл дэлхийн түүхийг ойлгохын тулд тухайн үед амьдарч байсан түүхэн хүмүүсийг судлах нь зайлшгүй болсон. Тийм хүмүүсийн нэг нь Чингис хаан яахын аргагүй мөн байсан учраас Монголыг, Чингис хааныг судлах ажил маань эхэлсэн дээ. Монголын тухай олж мэдсэн анхны зүйл маань таван ширхэг малын зурагтай марк байлаа. Миний идэр залуу үед монголд ирж судалгаа хийх ямар ч боломж байгаагүй. Өөрийнхөө хүчээр материал цуглуулж судалгааны ажлаа хийж эхэлсэн. 

    -Анх хэзээ Монголд хөл тавив? 

    -Би найман настайгаасаа эхэлж Монголыг мөрөөдсөн боловч боломж олдохгүй байсаар анх 52 настай, 1990 оны ардчилсан хувьсгалын дараа ирсэн. Дөнгөж ирээд монгол хүний яриаг сонсоход их дотно санагдаж билээ. Хэлийг нь сурья хэмээн бодсон боловч нас минь хэтэрхий оройтсон байлаа. Хамгийн түрүүнд танилцсан хүн маань "Чингис хаан" дээд сургуулийн захирал, археологийн ухааны доктор, профессор Х.Лхагвасүрэн. Би яг л өөрийнхөө дүүг олсон мэт сэтгэгдэл төрсөн. Яагаад гэвэл бид хоёр өөр хэлээр ярьдаг ч судалгааны ажил, бодож, сэтгэж байгаа бүхэн маань нэг байсан. 

    -Чингис хааны тухай гадаад, дотоодын олон эрдэмтдийн бүтээл байдаг л даа. Энэ бүхнээс таны номын ялгарах онцлог гэвэл?

    -Судалгааны ажил хийхдээ яг тэр их хүний амьдарч байсан газар очиж туулсан замыг нь мөшгиж жинхэнэ монгол хүмүүсийн дунд амьдарч үзэхийг маш их хүссэн. 2001 онд ирэхдээ өвлийн хасах 46 хэмийн хүйтэнд Хэнтий аймгийн Биндэр сумын Хорхонугийн хөндийд цээжээр татсан зузаан цасанд машинтайгаа сууж, Хөвсгөлд үерийн ширүүн урсгалд хөвж, хамт алхаж буй нөхрөө харах боломжгүй талын цасан шуурганд нүдүүлж, Бурхан халдуны намагт хөндийг гаталж, нэмэх 48 хэмийн халуунд Хонгорын элсэн манханд саатаж явлаа. Энэ бүх бэрхшээлийг гэтлэн Монгол түмний ахуй амьдрал, соёл, зан үйлийг судалж бичсэн болохоор ном маань илүү хүнд хүрсэн болов уу. Миний зохиол  Чингис гэдэг хүнийг цэргийн жанжин, дарангуйлагч, алуурчин мэт бичиж байсан зарим эрдэмтдийн ойлголтыг өөрчилсөн. Монголын ард түмэн түүхээрээ өнөөгийн дэлхий ертөнц, нийгмийг байгуулахад тодорхой хувь нэмэр оруулсан, "Монголчууд сор" угсаатан гэдгийг олж мэдсэн. Хамгийн тод жишээ бол дэлхийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог АНУ, БНХАУ, Европ, Африкийн зарим орон өөр хоорондоо асар их эдийн засгийн харилцаа холбоотой арилжаа наймаа хийж байна. Энэ харилцаа холбооны эхлэл Чингис хааны үеэс тавигдсан гэж би хэлнэ. Хэрвээ та бүхэн НҮБ-ын ямар нэгэн албан тушаалтнаас олон улсын хуулийг анх хэн үүсгэж санаачилсан бэ? Буддын шашинтнууд уу, аль эсвэл Христийнхэн үү гэж асуу. Тэгвэл эдний аль нь ч биш. Зөвхөн Чингис хаан олон улсын хуулийг санаачлагч гэж би хэлнэ. Энэ хүний санаачилсан хууль нэг шашин нэг улсад зориулагдаагүй. Дэлхийн олон үндэстэн, шашныг хамарсан. Өөрийн эзэнт улсдаа түүхэнд анх удаа олон төрлийн шашин байхыг зөвшөөрсөн байдаг. Мөн өөрийн улсад амьдарч буй гадаадын элч төлөөлөгчдийг их хүндэлж дипломат ёсыг анх бий болгожээ. Тэрээр гадаадын элч төлөөлөгчдийг дайрч болохгүй гэсэн зарлиг хүртэл гаргасан байдаг. Өнөөдөр та бүхэн НҮБ-ын далбааны өнгө яагаад цэнхэр байдгийг мэдэх үү? Энэ цэнхэр өнгийг судлаад байхаар Чингис хаантай холбогдоод ирдэг.  Цэнхэр тэнгэрийг шүтдэг хүн байсан.  Мөн хуулийн номнууд нь цэнхэр байсан байдаг. Монголын түүхийн шинжлэх ухаан, түүх бичлэгт тодорхой биш зарим зүйлийг тодруулж, бүрхэг маргаантай олон асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болох болов уу хэмээн энэхүү номоо тэрлэсэн. 

    -Таны ном хэвлэгдсэн цагаасаа л тэр том зах зээлд борлуулалтаараа тэргүүлж байсны нууц юу байв? 

    -Би номоо тийм олон хувь зарагдаж, олон хэлээр хэвлэгдэнэ гэж ердөө бодоогүй. Тэр түүхэн улс гүрэн, их хаан өөрөө дэлхийн сонирхлыг зүй ёсоор татсан учраас ийм амжилт олсон болов уу. Одоогоор дэлхийн 22 улсад энэ номыг маань орчуулжээ.  Монголчуудын талаар баруунд ялангуяа Славяны болон Исламын нэлээд оронд гажуудуулсан загвараар бичиж, тайлбарлаж байсан өрөөсгөл хандлагад өөрчлөлт болно хэмээн бодож байгаа шүү. Ер нь Чингис хааны талаар ганц би бичээгүй маш олон эрдэмтэн, судлаачид өөр өөрийнхөөрөө бичсэн байдаг. Миний зохиолын бусдаас ялгарах онцлог гэвэл өнөөгийн ертөнцөд ямар хувь нэмэр оруулсан юм бэ, ямар байр суурь эзлэх вэ гэдгийг голлож харуулахыг зорьсонд оршиж байгаа юм. 

    -2004 оноос эхлэн судалсан Чингисийн хатад, охидын тухай бүтээлээ уншигчдын гар дээр тавьлаа. МНТ-нд Чингис хааны хатад, охидын талаарх материалыг устгаж үгүй хийсэн нь илт байдаг гэж судлаачид үздэг. Та судалгааны эх сурвалжаа юун дээр үндэслэж хийсэн бэ? 

    -Их Монгол Улсыг зөвхөн баатрууд дайтаад байгуулчихсан юм биш. Монголын үе үеийн ухаалаг хатдын хувь нэмэр маш их байсныг гаргахыг хичээсэн. Чингис хааны үеийн хатдаас эхлээд Мандухай сэцэн хатан хүртэлх үеийг хамарч байгаа юм. МНТ-нд яг хатад, охидын хэсэг байхгүй болсон байдаг ч Хятад, Араб, Эрдэнийн товч, Алтан товч бусад түүхийг эх сурвалжуудаас судалгаа хийсэн. МНТ-ны 215 дугаар бүлэгт  Чингис хааны хатад, охидын тухай бичсэн байх ёстой атал маш товч өгүүлээд бусад нь байхгүй болсон байдаг. Чингис хааны өөрийн хөвгүүдэд эрх, мэдэл өгч байснаас гадна  мөн адил охиддоо эрх мэдэл өгч улс гүрэн захируулж байсан тухай миний бүтээлээс уншиж болно. Ялангуяа торгоны зам дагуух эзэнт гүрэн улсыг охид нь захирч байсан байдаг. Жишээ нь Уйгар, Ойрад, Тангууд. Эрчүүд нь дайн байлдаан хийж явахад хатад, охид нь бусад улс оронтой харилцаа тогтоох, худалдаа наймаа эрхэлж байсан байдаг. Түүхийн сурвалж бичгүүдэд Өгөдэй хааны Дөргэнэ, Тулуй хааны Сорхогтани хатдыг нэлээд ухаалаг, үйл ажиллагаа явуулсан гэж бичиж үлдээсэн байдаг. Миний судалж байгаагаар Мандухай сэцэн хатан бусад хатдаас илүү өргөн сэтгэж Чингис хааны барьж байсан үзэл баримтлалыг дагаж зүүн, баруун монголын хуваагдал, гадны улс орноос тусгаар тогтнолоо авч үдэж чадсан их гавьяатай гэж үздэг. 


    -Таныг машин дотроо төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Жанцанноров, Зууны манлай уртын дууч Норовбанзад агсны дууг үргэлж сонсож явдаг гэж сонссон? 

    -Энэ үнэн. Хэрвээ та Монголын нүүдэлчин ардын ахуй амьдрал, Монгол орныг судалж байгаа бол хөдөө явж тал нутгийг нь нүдээр харж, малчин айлд хонож байж жинхэнэ бүтээл гарна. Зүгээр телевизээр хараад бичнэ гэдэг санаанд ерөөс багтдаггүй. Норовбанзад гуайн уртын сайхан дууг сонсоход Монголын тал нутагт  нар мандаж, адуу мал нь багшран, айраг цагаа нь цэлэлцзэх мэт санагддаг. Жанцанноровын хөгжмийг сонсоход Монголын уудам нутгийн үнэрийг үнэрлэж, салхийг нь мэдрэх шиг болдог юм даа. Би энэ сайхан Монгол оронтой зүрх сэтгэлээрээ үргэлж хамт явдаг. 

    Жак Уэтерфорд энэ удаагийн ирэлтээрээ Монголчуудад хоёр бэлэг өгчээ. "Өнөөгийн Ертөнцийн Үндэслэгч Эзэн Чингис Хаан" зохиолын хоёр дахь хэвлэл, "Монголын их хатдын нууц товчоо" зохиолын анхны хэвлэлээ бэлэглэж байгаа аж. Хоёр мянган хувь хэвлэгдсэн дээрх номын орлогыг БСШУЯ-аар дамжуулан ЕБС-иудын түүхийн танхимыг тохижуулахад зориулах ажээ. "Монголын их Хатдын Нууц Товчоо" зохиолыг нь уншигчдын хүртээл болгоход М.Мөнгөнзул, С.Соёлжин нар дуун хөрвүүлэг хийж, ариутган шүүгчээр МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор Б.Номинчимэд ажиллажээ. Монголд энэхүү хос номыг хэвлүүлэх ажлыг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга С.Эрдэнэболд санаачлан дэмжиж хийсэн байна. Түүний бас нэг бэлэг нь 15-р зууны үеэс хойш 500  жилийн турш бүтээсэн Монголын тухай Европын орнуудын хийсэн газрын зургуудыг жинхэнэ эхээр нь цуглуулснаа Монголын ард түмэнд бэлэглэж байгаа юм байна. 
    Номын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл, эрдэмтэн, судлаачид, түүний зохиол бүтээлийг амтархан уншдаг уншигчид оролцсон юм.

                                                                                                      Эх сурвалж: dayarmongol.com

by