ЖАК УЭТЕРФОРДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭН ТОДОРЛОО

Үзсэн: 498 / 2012.01.30

           Жак Уэтерфордын нэрэмжит 2011 оны шагналыг эрдэмтэн, профессор Б.Сумъяабаатар “Монголын нууц товчооны хэлбэр судлал”, “Монгол солонгос нангиад Мянган үсгийн соёлын харьцуулсан судалгаа” номоороо хүртлээ. Монголын нууц товчооны хэлбэр судлал 1 бүтээл ном нь түүний 3144 хуудас бүхий Монголын нууц товчооны хэлбэр судлал 2, Монголын Нууц Товчоо үсгийн галиг ном зэрэг олон жилийн судалгааны ажлын үр дүн бөгөөд тус номд Монголын нууц товчоог галигласан нангиад үсгүүдийн талаар нарийвчлан судалгааг нэгтгэн маш сонирхолтой дүгнэлтүүд гаргасан.  МНТ-нд ямар үеэр эхэлсэн үг хэд хичнээн байгааг анх удаа нарийвчлан тооцжээ. Монгол солонгос нангиад Мянган үсгийн соёлын харьцуулсан судалгаа номоороо дамжуулан Юань гэсэн үгэнд  Хөх өнгө хэмээх утга буйг нотолсон нь эрдэм шинжилгээний нээлтийн шинжийг агуулсан гэж хэлж болно.

Мөн тэрээр Хүн гүрний түүх, хэлний дурсгалд чухалд тооцогдох Алтан хүний бичээсийг тайлан уншиж, Чингисийн алтан ургийн Угийн бичиг ба Гэрийн үеийн бичмэл ном бичсэн нь судалгаа эрдэм шинжилгээний үнэтэй эх сурвалж болсон. Монголчууд одоогоос 730 жилийн өмнө буюу 1282 онд  Нэвтэрхий толь бичиг бүтээсэн тухай түүхэн сурвалж бичиг, 12-р зуунд 17000 дэвтэр бүхий номын сан бэлэглэж байсан тухай, Улаанбаатар хот байгуулагдсан 1639 онд Солонгост 5м өндөр монгол бичгийн хөшөө босгож байсан тухай, 998 онд Хятан хэл сурахаар Солонгосоос 10 хүүхэд ирж байсан тухай, Гэрсэнз хутагтын 10 м урт ургийн бичиг онц сонирхолтой эх сурвалжуудыг олонд толилуулж байна.
Эрдэмтэн Б.Сумъяабаатарын тухай  BaldandorjSumyabaatar

“Жак Уэтерфордын нэрэмжит 2011 оны тусгай шагнал”                                                      

1. “Гол мод -2” археологийн судалгаа


             Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатараар ахлуулсан  эрдэмтэн, судлаач, багш оюутнууд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар орших Гол мод нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн олж, Хүннүгийн хааны булш олсноо зарласан. Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд Гол модны Хүннүгийн хаадын булштай газартай ижил нэртэй, дурсгалын хувьд ч ижил байгааг анзаарч түүхэн дурсгалтай ижил газраас ялгахын тулд “Гол мод-2” хэмээн нэрлэжээ. Археологийн судалгааны үр дүн Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000-1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлэн олжээ. Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн.  Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд ч тэр, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, илрэн олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилтыг тогтоожээ.

2. Гадаад хэлээр хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл ном

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Дашдондогийн Баярсайханы (одоогоор ХБНГУ-д зочин судлаачаар ажиллаж буй) Их Британийн “Брилл” хэвлэлийн газарт хэвлүүлсэн “Монголчууд ба Армянчууд (1220-1335)” ном. Армян хэл дээрх Монголын түүхэнд холбогдох сурвалжуудыг анх удаа бүрэн хэмжээгээр ашигласан суурь судалгааны бүтээл болсон. Их Монгол Улс ба Киликийн Армяны хаант улсын хооронд тогтсон холбоотны харилцаа, монголчуудаас загалмайтны ертөнц ба лалын шашинт улсуудын чиглэлд баримталж байсан цэрэг-улс төрийн бодлогыг нэхэн тодруулахад чухал үүрэгтэй нэг сэдэвт зохиол гэж үнэлэгдэж байна. Эзэнт гүрний үеийн түүхийн судалгаанд чанарын эргэлт гаргасан төдийгүй Их Британи улсад хэвлүүлснээр Монголын түүхийг дэлхий дахинд Өрнөдийн шинжлэх ухааны стандартын дагуу сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр болжээ.

by